2017 оны 3 сарын 6-ны өдөр “Гүрэн” дээд сургууль дэлхийн санхүүгийн тэргүүлэгч боловсролын байгууллага болох New York Institute of Finance-тай хамтран ажиллах гэрээг Нью Йорк хотноо байгууллаа.

Монгол Улсын Их Хурлаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэж буй энэ үед гадаадын олон банк, санхүүгийн байгууллагууд Монголд салбараа байгуулах талаар судалж байгаа билээ. Тэдгээр банк санхүүгийн байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхэд манай банк, санхүүгийн салбарт ажиллаж буй хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Хонгконг, Сингапур зэрэг Азийн орнуудын хувьд банк, санхүү, даатгалын салбарт ажиллах хүний нөөцөө бэлдсэний үр дүнд дэлхийд тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд  салбараа нээж, олон чадварлаг залуусыг дэлхийд өрсөлдөхүйц цалин хөлстэй ажиллах боломжоор хангасан байдаг.

Эдгээр боломжийг Монголын арилжааны банкууд, санхүүгийн байгууллагуудад ажиллаж буй залуучууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллах хүсэлтэй иргэдэд өгөх зорилгоор хөрөнгийн менежмент, портфолио менежмент, хөрөнгө оруулалтын банк удирдах болон үнэлгээ хийх мөн баялгийн менежментийн ур чадвар олгох зэрэг 20 орчим мэргэшсэн сертификатын сургалтуудыг холимог сургалтын аргазүйгээр Англи, Монгол хэлээр зохион байгуулахаар болсон байна. Суралцагсад Улаанбаатар хот болон Нью Йорк хотын алинд нь ч суралцах боломжтой ажээ.

“Гүрэн” дээд сургууль бүтэн нэг жил хэлэлцээ хийсний үр дүнд энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд New York Institute of Finance-ын захирал ноён Lee Arthur тус сургуулийн гүйцэтгэх удирдлагын төрийн захиргааны магистрын оюутнуудад 1922 онд Нью Йоркын хөрөнгийн биржийн дэргэд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хийж буй ажлаа тайлагнахын хамт дэлхийн санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, инноваци үүнтэй зэрэгцээд үүсч буй шаардлагатай ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээний талаар яриа хийлээ.